Чандмань сумд хүн эмнэлэг анх 1929 онд Чандмань, Эрдэнэ, Баян-Өндөр Баянцагаан зэрэг 4 сумыг харьяалсан Эмнэлгийн салбар нэртэйгээр Өлзийбулагт байгуулагджээ. Эмнэлэгтээ Өлзийбулаг хийдээс 2 модон ор, 1ш номын тавиур, ширээ авчирч тавьсан байна. Анхны эмчээр Орос улсын иргэн Петр гэдэг бага эмч ажиллаж байжээ. Тус сумын эмнэлэг нь Говь-Алтай/хуучнаар Хантайшир уулын аймаг/ аймгийн анхны хоёр эмнэлгийн салбарын нэг байв. Ийнхүү манай эмнэлэг хөдөөд Европын ёсны эмнэлгийг нэвтрүүлсэн түүх нь эхэлдэг юм.
Эмнэлгийн салбар нь тэр цагаас хойш Бага эмчийн, Их эмчийн салбарыг дамжин Эрүүл мэндийн төв болон хөгжиж одоо нийт 23 эмч, ажилтантай анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэн үйл ажиллагаа явуулж байна.10 ортой, сумын 462850 га нутаг дэвсгэрийн хэмжээнд тархан суурьшсан 2280 гаруй хүн амд тусламж үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Сумын эрүүл мэндийн төвд жилдээ 320-350 хүн хэвтэн эмчлүүлж, 6-10 эх төрдөг. Сум нийт 5 багтай. Үүний 4 баг нь хөдөөгийн багууд байдаг бөгөөд нийт хүн амын 2280 хүн амд эрүүл мэндийн анхан шатны тусламж үзүүлэн ажиллаж байна. Манай сум хойд хэсгээрээ өөрийн аймгийн Бигэр сум, зүүн хэсгээрээ Дэлгэр сум, өмнөд хэсгээрээ Баянхонгор аймгийн Баянцагаан сумтай баруун хэсгээрээ Эрдэнэ сумтай хиллэдэг. Сумын нийт нутаг дэвсгэрийн 80 орчим хувь нь далайн түвшнээс дээш 2000 м-ээс дээш өргөгдсөн газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог. Сумын эрүүл мэндийн төвөөс захын дуудлагын цэг хүртэл 50-110 км явж хүрдэг.
Эрүүл мэндийн төвийн эрхэм Зорилго:
Хүний хөгжлийг дэмжих зорилгоор нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлгийн тусламж үйлчилгээг нотолгоо,үр дүнд суурилсан тэгш, хүртээмжтэй , чанартай үзүүлэн эрүүл аж төрөх зан үйлийг төлөвшүүлэхэд оршино.